ХҮҮХДИЙГ ТЭРГЭНЦЭРТ БУС, ТЭРГЭНЦРИЙГ ХҮҮХДЭД ТААРУУЛНА” ТӨСӨЛ
“ТУНГАЛАГ АЯЛГУУ” чих, хамар, хоолой, сонсгол нөхөн сэргээх эмнэлэг эмнэлэг,
“ХҮҮХДИЙН ТЭРГЭНЦЭР” төрийн бус байгууллага
Сүүлийн жилүүдэд орчны нөлөөлөл, агаар, хөрсний бохирдол, хоол хүнсний чанаргүй байдал, осол, аваар зэргээс үүдэлтэйгээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо эрс өсөж байгаа ч эдгээр хүүхдүүдийг халамжлах, сургууль боловсролд хамрагдах орчин нөхцөлөөр хангахад чиглэсэн томоохон үйл ажиллагаа ховор байгаа нь сэтгэл эмзэглүүлсэн асуудал юм.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд нийгэмшиж, сургуульд хамрагдан, амьдралдаа хөлөө олоход тэргэнцэр маш чухал үүрэгтэй. Гэтэл одоог хүртэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд тусгайлан зориулагдсан тэргэнцрийг Монгол улсад олоход ховор байдаг нь эцэг эхчүүд хүүхдээ гэрээсээ тэр бүр гаргаж чадахгүйд хүрч, гаргаж салхилуулсан ч зориулалтын бус эсвэл том хүний тэргэнцэр дээр суулгаж авч явж байгаа тухай олон эцэг эхчүүд хуваалцаж байсан. Энэ нь тухайн хүүхдэд томоохон эрсдэл дагуулсан алхам байдаг.
Энэхүү хэрэгцээ шаардлагыг үндэслэн 2016-2019 онд манай компани нь “Хүүхдийн тэргэнцэр” төрийн бус байгууллага, Баруун Австралийн “Wheelchairs for Kids” төрийн бус байгууллагатай хамтран хүүхэд бүрийн биеийн онцлогт таарсан, цаашлаад хүүхдийн хөдөлгөөн, биеийн хэлбэрийг аажмаар засах боломжтой, хүүхэд өсөхөд дагаж томруулж тааруулах боломжтойгоор бүтээгдсэн хүүхдийн тэргэнцрийг Монголд улсад үнэ төлбөргүй оруулж ирэх ажлыг амжилттай зохион байгуулж хамтран ажиллаа.
Энэхүү төслийн хүрээнд хот, хөдөөг хамруулан 3 контейнер буюу 500 ширхэгийг эцэг эх, хүүхдүүдээс болон улсаас нэг ч төгрөг гаргуулалгүй хэрэгцээ шаардлагатай хүүхэд бүрт нэг бүрчилэн очиж тохируулж өглөө. Улаанбаатар хот, тусгай сургуулиуд болон хөдөө орон нутгийн 21 аймагт түгээсэн. Тэргэнцэр байхгүйгээс шалтгаалан өдөржин гэртээ байдаг, сургуульд явж чаддаггүй хүүхдийн тоог багасгахын тул тэргэнцэр хэрэгтэй хүүхэд бүрийг холбогдох сургууль, цэцэрлэг, төрийн болон төрийн бус байгууллагуудтай холбогдож ажиллаа.
ТӨСЛИЙН ТУХАЙД
“Тунгалаг Аялгуу” чих, хамар, хоолой, сонсгол нөхөн сэргээх эмнэлэг болон “Хүүхдийн тэргэнцэр” төрийн бус байгууллага нь “Хүүхдийг тэргэнцэрт бус, тэргэнцрийг хүүхдэд тааруулна” төслийг Баруун Австралийн “Wheelchairs for Kids” байгууллагатай хамтран хэрэгжүүлсэн. Хамтран ажиллагч энэхүү байгууллага нь хүүхдийн тэргэнцрийг үнэ төлбөргүй Монголд улсад нийлүүлдэг. Энэхүү байгууллагад 150 гаруй тэтгэврийн насны сайн дурынхан ажиллаж, сардаа 300 ширхэг Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын стандартад нийцсэн хүүхдийн тэргэнцэр үйлдвэрлэж, дэлхийн 74 оронд үнэ төлбөргүй нийлүүлдэг. Төслийн уриаг хэрэгжүүлэх хүрээнд 2016 оны 8 сарын 19-24-ний хооронд Австрали улсаас 3 сайн дурын ажилтан ирж, онол, практик хосолсон нийт 5 өдрийн сургалт зохион байгуулж, 25 сайн дурын ажилтныг “тэргэнцрийг хүүхдэд зохих ёсоор тааруулах чадвартай” болгон сургасан. Одоогийн байдлаар “Хүүхдийн тэргэнцэр” төрийн бус байгууллага нь “Тунгалаг Аялгуу эмнэлэг”-тэй хамтран нийт 500 тэргэнцэр буюу гурван контейнер тэргэнцрийг захиалагч хүүхдүүдэд тааруулж баримт, нотолгоог бүрэн бүрдүүлж амжилттай ажилласан байна.
“Тунгалаг Аялгуу” эмнэлэг нь нийгмийн хариуцлагын хүрээнд энэхүү төслийг “Хүүхдийн тэргэнцэр” ТББ-тай хамтран хэрэгжүүлж, Монгол улсад хуулийн дагуу гаалийн бүрдүүлэлт хийх, өөрийн агуулахад хадгалах, бүх ажилтнуудаа тэргэнцэр тааруулах 5 өдрийн сургалтад хамруулж, хүүхдүүдэд тохируулах ажлыг хариуцан ажилласан бөгөөд төслийн тогтвортой үйл ажиллагааг ханган ажиллаж, өөрсдийн зардлаар хөдөө орон нутагт хүргэж, тараах ажилд бүх талын туслалцааг үзүүлж ажиллаа.
АВСТРАЛИ УЛСААС НИЙЛҮҮЛСЭН ТЭРГЭНЦРИЙН ТУХАЙД
Үнэгүй тараагдсан тэргэнцрийн онцлог, давуу тал:
Бартаат замд элэгдэхгүй бат бөх дугуйтай.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн биеийн поз, хөдөлгөөнийг аажмаар засах, түших зориулалт бүхий тулгуур хэрэгслээр тоноглогдсон.
65 кг-аас доош бүх хүүхдэд таарах бөгөөд хүүхдийн бие өсөхөд дагаж тохиргоо хийх боломжтой.
Бүх эд ангийг томосгож, багасгаж, тааруулах боломжтой.
Маш тухтай, ус чийг шингээдэг нурууны, цээжний болон суудлын зөөлөвчтэй.
Хүүхдийн аюулгүй байдлыг хамгийн дээд зэргээр хангахуйц байдлаар хийгдсэн.
Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын стандартад нийцсэн.
Тэргэнцэр илгээгч байгууллагаас сайн дурын ажилтанг тогтмол илгээж, засвар, зөвлөгөө, сургалтаар хангах боломжтой.
Энэхүү хүүхдийн тэргэнцэр нь “хүүхэд бүрийн биеийн онцлогт тусгайлан тааруулах боломжтой”-оор хийгдснээрээ маш онцлог юм. Тиймээс тэргэнцэр тааруулах ажилд өндөр ач холбогдол өгч, хүүхэд бүртэй тулж ажиллах шаардлага үүсдэг. Нэг хүүхдэд тэргэнцэр тааруулахад 1 эмч, 1 техникч дараах шат дарааллын дагуу ажилладаг :
1. Хүүхдийн эцэг, эх, асрамжлан халамжлагчтай тусгайлан уулзаж, өвчний онцлог, амьдрах орчинг судална.
2. Хүүхдийн биед үнэлгээ хийх хуудас дээр зааврын дагуу үнэлгээг хийнэ.
3. Хүүхдийн биеийн бүх хэмжээсийг авна.
4. Тэргэнцрийг угсарна.
5. Хүүхдийн биеийн хэмжээсийн дагуу тэргэнцрийг тааруулна.
6. Хүүхдийг тэргэнцэр дээр суулгаж хамгийн багадаа 10 минут ажиглаж, шаардлагатай тохиолдолд сайжруулалт хийнэ.
7. Тэргэнцэр ашиглах холбогдох хүмүүст зохих заавар зөвлөгөөг өгнө.
8. 6 сарын дараа тэргэнцэр авсан хүүхэдтэй дахин холбогдож, үнэлгээ хийнэ.
1 хүүхдэд тэргэнцэр тааруулахад хамгийн багадаа 3 цаг зарцуулдаг.

Хариулт үлдээнэ үү