Сонсголын бууралтын төрлүүд
Сонсгол бууралт нь дараах төрлүүдээр тохиолдоно. Үүнд:
- Мэдрэл, мэдрэхүй гаралтай сонсгол бууралт (Sensorineural Hearing Loss)
Хэт чанга дуу шуугианы нөлөөлөл, насжилт, гэмтэл бэртэл, эмийн буруу хэрэглээ гэх мэт шалтгаанаас үүссэн сонсгол бууралт бөгөөд чихний дунгийн мэдрэх эсүүд гэмтэх, аль эсвэл байхгүй үед үүсдэг. [2] Энэ төрлийн бууралт нь ихэвчлэн байнгын байна. Мэдрэл, мэдрэхүйн гаралтай сонсголын бууралт буюу мэдрэлийн гаралтай сонсголын бууралт нь хөнгөн, дунд, хүнд хэлбэрээр тохиолдоно. Зарим хүмүүст мэдрэл мэдрэхүйн гаралтай сонсголын бууралт нь дуу авианы зөвхөн өндөр давтамжийн үед илрэх бөгөөд үүнийг сонсгол хагас бууралттай гэдэг. Ийм үед чихний дунгийн сууринд орших үслэг эсүүд гэмтсэн байна. Харин нам давтамж хүлээн авдаг чихний дунгийн дотор талын үслэг эсүүд гэмтээгүй хэвийн ажилладаг.
- Дамжуулах эрхтний гаралтай сонсгол бууралт (Conductive Hearing Loss)
Дунд чихний үрэвсэлт өвчний улмаас үүссэн сонсгол бууралт гадна болон дунд чихний ямар нэг гэмтлээс (магадгүй шингэн зүйл орох, чихний чигжсэн хулхи, гадны зүйл орох гэх мэт) болж дуу авиа хэвийн хэмжээнд дамжуулагдахгүй байх- Ийм бууралт нь ихэвчлэн хөнгөнөөс дунд зэргийн байх ба 25-65 децибелийн хооронд хэлбэлзэнэ. Зарим тохиолдолд энэ нь түр зуурын байж болдог. Яг ямар шалтгаантай байна гэдгээс хамаарч эмийн юм уу мэс заслын эмчилгээ тус болох боломжтой. Зарим төрлийн Conductive хэлбэрийн сонсгол бууралтыг эмчилгээний болон мэс заслын аргаар сэргээдэг боловч ихэнх тохиолдолд сонсголын аппарат тогтмол хэрэглэх шаардлагатай болдог.
- Холимог хэлбэрийн сонсголын бууралт (Mixed Hearing Loss)
Холимог хэлбэрийн сонсгол бууралт нь дамжуулах эрхтний болон мэдрэл, мэдрэхүйн сонсгол бууралт аль аль нь хосолсон тохиолдлыг хэлнэ. Энэ нь дунд чихний гадна болон дотор эмгэгтэй холбоотой. Эмчилгээний хувьд эм, мэс засал, сонсголын аппарат, дунд чихний суулгац зэрэг ордог.
Хүндрэл:
Сонсголын бууралттай хүмүүст дараах нийтлэг хүндрэлүүд үүсдэг байна.
- Орчны дуу чимээ болон хүмүүсийн яриаг сул сонсох
- Сонссон зүйлээ ойлгохгүй байх
- Түлхүүр үгээр ойлгож харилцах
- Дуу болон дуу үүсгэгчийн чиглэлийг тогтоож чадахгүй байх
- Хэт чанга дуу чимээний нөлөөллөөс үүссэн сонсгол бууралттай хүмүүсийн хувьд чих нь байнга шуугьж стресст амархан ордог.
Сонсголын түвшин тогтоох, үнэлгээ өгөх аргачлал
Дууны хүч
Дууны хүчийг децибел /dB/-р хэмжинэ. Цэвэр авианы аудиометрийн хувьд дууны хүчний хэмжээ нь сонсох түвшин буюу сонсох босгын түвшин байх бөгөөд энэ нь хэвийн сонсголтой хүмүүсийн дундаж дээр үндэслэсэн хэмжээс юм. Жирийн харилцан ярианы сонсогдох дууны хүч нь 40-50 dB байна.
Босго сонсгол
Босго сонсгол гэдэг нь хүний сонсож чадах хамгийн бага дууны хүчийг хэлнэ. Хэвийн сонсголтой хүмүүсийн босго сонсгол нь 250-8000 Hz-д 0-15 dB байх бөгөөд түүнээс их байвал тухайн давтамж дээр сонсголын бууралттай гэж үздэг.
Цэвэр дуу
Цэвэр дууны дохио гэдэг нь өөр давтамжийн дуу авиатай холилдоогүй зөвхөн тухайн давтамжид хамаарагдах дуу буюу дохио юм. Цэвэр дууны дохиог аудиометрийн сорил 250, 500, 1000, 2000, 4000, 6000, 8000 Hz -ийн давтамж дээр хэрэглэнэ. Тухайн хүний сонсгол бууралтыг аудиометрээр үнэлж байгаа тохиолдолд давтамж тус бүр дээр өгч буй дохионы хариуг цэвэр дууны босго гэж үзнэ. 250-8000 Hz тус бүрд цэвэр дууны босгыг тэмдэглэсэн графикийг аудиограмм гэнэ. Аудиограммаас сонсгол бууралтын төрөл, түвшин, хэлбэр, зэрэглэлийг мэдэж болно.
Сонсгол алдагдлыг тодорхойлох нь
Сонсгол алдагдлын хэмжээ нь сонсголын мэдрэмж дээр суурилдаг. Сонсгол алдагдлыг тодорхойлохын тулд сонсголын босгыг тодорхойлох шаардлагатай байдаг. Сонсголын босго нь тухайн цагийн 50 хувьд сонсогдох хамгийн доод түвшний дуу чимээгээр тодорхойлогддог байна.
Тухайн үр дүнг сонсголын босго түвшний децибелээр (dB HL) тооцоолно. Туршилтын явцад сонссон ая бүрийн хувьд аудиограмм дээр зохих децибелийн түвшинд тэмдэг тавигдах болно. Чих тус бүрийг тусад нь зурж, хоёр өөр шугамаар дүрсэлдэг. Шугамууд нь хоорондоо ижил загвартай байх, эсвэл бүр огт өөр байж болно.
Сонсголын алдагдлыг децибел (дБ) болон дараах төрөлд хуваан хэмждэг.
- Ердийн сонсгол (0-25 дБ HL)
- Бага зэргийн сонсгол алдагдах (26-40 дБ HL)
- Дунд зэргийн сонсгол алдагдах (41-70 дБ HL)
- Сонсголын хүнд хэлбэрийн алдагдал (71-90 дБ HL)
- Сонсголын алдагдал (91 дБ HL -ээс их)
Сонсголын түвшин тогтоох төрлүүд
Цэвэр дууны тест
Энэхүү тест нь янз бүрийн дуу авиаг өндөр түвшинд сонсох чадварыг хэмжихийн тулд агаарын дамжуулалтыг ашигладаг. Чихэвч зүүж, тусгайлсан бүхээгт сууна. Дуу авиаг цуврал болгон чихэвчээр дамжуулан сонсгох болно. Дуу авиаг сонсох болгондоо гараа өргөх эсвэл товчлуур дээр дарах ёстой. Дараа нь үр дүнг аудиограмм дээр тэмдэглэнэ.
Ясны дамжуулалтын тест
Дотоод чихний дуу авианы хариу урвалыг хэмждэг цэвэр авиан сорил юм. Дамжуулалтыг чихний ард байрлуулж, ясаар дамжуулан жижиг чичиргээг шууд дотоод чих рүү илгээнэ. Энэ нь уламжлалт хувилбараас ялгаатай.
Ярианы тест
Таны ойлгож чадах хамгийн бүдэгхэн ярианы 50 хувийг хэмжихэд ашигладаг. Энэ нь нам гүм эсвэл чимээ шуугиантай орчинд хийгддэг. Таны яриаг арын чимээ шуугианаас салгах чадварыг хэмждэг.
Чих шуугих гэдэг нь:
Чих шуугих дүнгэнэх, хонх дуугарч буй мэт чимээ сонсогдох, удаан хугацаагаар шүгэлдэх чимээ сонсогдохыг “чих шуугих” гэнэ. Чихний эсүүд гэмтэхэд чихэн доторх үснүүд хөдлөх төдийд чанга дуу дуугарч буй мэт сонсогдон, мэдрэг болдог байна.
Хэдийгээр энэ нь том асуудал биш боловч нас ахих тусам илүү удаан хугацаагаар чих шуугих нь өдөр тутмын амьдралын чанарт сөргөөр нөлөөлөх зэрэг хүндрэлүүдийн эх үүсвэр болох нь бий.
Энэхүү эмгэгийг зөвхөн өөрт сонсогдох болон эмчид болон өөрт сонсогдох чих шуугилт гэсэн хоёр төрөлд ангилж үздэг. Зөвхөн өөрт сонсогдох эмгэг нь дунд, гадна эсвэл дотоод чихнээс үүдэлтэй байж болох бөгөөд хүний тархи, мэдрэлийн дохионуудыг дуу чимээ гэж хүлээж авснаар үүснэ. Эмчид болон өөрт сонсогдох эмгэгийн хувьд эмчийн үзлэгээр сонсогдох бөгөөд дунд чихний яс, судасны асуудлуудаас үүдэлтэй.
Чих яагаад шуугьдаг вэ?
Чих шуугих эмгэгийн шалтгаан нь нарийн тодорхой биш байдаг бөгөөд чихний гэмтэл, зүрх судасны өвчин, мэдрэлийн ядаргаа зэргээс үүдэн чих шуугих эмгэг үүсдэг гэж үзэж байна. Мөн тархины сонсголын төв гэмтэл авсан бол чих шуугьдаг. Эдгээрээс гадна:
Нас ахих тусам сонсгол муудах ба 60- с дээш насныхны чих энэ шалтгаанаар шуугих эмгэгтэй болдог.
Гэнэтийн чанга дуу чимээнд өртсөнөөр чих шуугдаг ба удаан хугацаанд чанга хөгжим сонсох, цахилгаан хөрөөний чимээ сонсох, түгшүүрийн дохио сонсох зэргээс үүдсэн байж болох ба энэ төрлийн шуугилт нь хэсэг хугацааны дараа арилдаг.
Чихний хулхи нь чихэнд нян үржихээс сэргийлэн чихний хөндийд үүсдэг тослог биет юм. Гэхдээ цэвэрлэж, арчлахгүй удсаны улмаас их хэмжээний хулхи хуримтлагдах нь толгойд ямар нэгэн зүйл хөдөлж буй мэт чимээ сонсогддог.
Дунд чихний яс сийрэгжин шуугих чимээ өөрт сонсогдсон байж болно.
Толгой болон хүзүүндээ гэмтэл авснаар нэг чихэнд чимээ сонсогддог.
Чихэнд шингэн ороход.
Тэнцвэрийг барих үүрэгтэй тархины хэсэгт хоргүй хавдар үүсэж нэг чих шуугих магадлалтай.
Чихтэй ойролцоох судас нарийсан дуу сонсогдож болно.
Цусны даралт ихсэх үед чимээ сонсогдож болно.
Хортой эсвэл хоргүй хавдрын улмаас чих шуугих шинж тэмдэг өгч болно.
Тархин дахь судасны буруу байрлалаас чих шуугьсан байх боломжтой.
Мөн эмийн гаж нөлөөгөөр чих шуугьсан байж болно. Уг эмгэгт хүргэж болох эмүүдэд антибиотикууд, Хорт хавдрын болон сэтгэл гутралын эсрэг эмүүд, аспирин зэрэг ордог.
Шинж тэмдэг
Ямар нэгэн зүйл дуугараагүй байхад чихэнд шуугих чимээ сонсогддог. Эдгээр чимээнүүд нь хонх, сэрүүлэг дуугарах мэт байх ба, эсвэл амьтны дуу авиа ч сонсогдох мэт илрэх нь элбэг. Зарим үед ямар нэгэн товчлуур дарах, шүгэлдэх чимээ мэт сонсогдож ч болно.
Урьдчилан сэргийлэлт
Ихэнх тохиолдолд чих шуугилтаас урьдчилан сэргийлэх боломжгүй байдаг ч амьдралын хэв маягаа дараах байдлаар өөрчилснөөр чих, тархиа гэмтээхээс сэргийлнэ.
Байнгын дуу чимээтэй нөхцөлд ажилладаг бол дуу намсгагч хэрэглэх, чихэвч зүүх
Чанга хөгжим сонсохгүй байх
Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлж дасгал хөдөлгөөн тогтмол хийх
Эрүүл зөв хооллох
Хүндрэл
Байнга чих шуугьснаар: Нойргүйдэх, Стресст орох, Сэтгэл гутралд орох, Сэтгэл санаа тогтворгүй болох, Анхаарал төвлөрөхөө болих зэрэг хүндрэлүүд үүсэж болно.

Хариулт үлдээнэ үү